Толгойн мэдээлэл
66 дахь удаагын Алтан Бөмбөрцөг кино наадмаас

Кино урлалын шилдэгийн шилдэгүүдийг тодруулах 66 дахь удаагын "Алтан Бөмбөрцөг" кино наадам өнгөрсөн ням гарагт (Орон нутгийн цагаар) Калифорни мужын Беверли Хиллсийн "Беверл - Хилтон" зочид буудалд болж өнгөрлөө.

Дэлхийн кино урлагийн хоёр дахь том шагнал “Алтан бөмбөрцөг”-ийн үдшийн хатан хаан нь Их Британийн авьяаслаг, үзэсгэлэнт жүжигчин Кейт Уинслет байлаа. “Би ялах, хожих зуршилгүй” гэж амьсгаа даран хэлж, багагүй шоконд орсон тэрбээр нэг л үдэш ийн гялалзахаа төсөөлөөгүй нь илт. Ням гарагт болсон 66 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шагналаас тэрбээр “Шилдэг эмэгтэй драмын жүжигчин”, “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” шагналуудын эзэн болсон юм. Өмнө нь таван удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, шагналын эзэн болох итгэл дүүрэн ирээд гар хоосон, доголон нулимастай буцаж байсан жүжигчин маань энэ удаад өөртөө итгэж ядан суусан.


Өнгөрсөн зууны нуугдмал түүхтэй нэгэн герман эмэгтэйн дүрийг “The Reader” кинонд чадварлагаар бүтээж чадсан тэрбээр хамтран тоглогчиддоо хандан талархал илэрхийлэхдээ “Драмын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшигчдээ ч мартсангүй. Түүний хүчтэй өрсөлдөгч нь Вүди Аллений “Vicky Cristina Barcelona” кинонд тоглосон үзэсгэлэнт Пенелопа Крус байсан юм.
Харин Кейтийн “Шилдэг драмын эмэгтэй жүжигчин” номинацид шаггүй өрсөлдөгчид таарчээ. Нас залуу, цус шингэн, кино урлагийн гүнж нарын нэг Энн Хатавей мансууруулах бодист донтогч /Rachel Getting Married/ болж сандаргасан бол гал халуун, бие хаа тэгш Анжелина Жоли /The Changeling/, нөр их туршлага, нэр хүндэд умбасан, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Мерил Стрип католик шашны сургуульд гарсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргийг сэжиглэж буй гэлэнмаа /Doubt/, Кристин Скотт Томас /I’ve Loved You So Long/ нарыг хол орхиж, Фрэнк, Април нарын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг “Revolutionary Road” киноныхоо өсөх ирээдүйтэй авьяаслаг жүжигчин Април Вилерийн дүрээр хоёр дахь “Алтан бөмбөрцөг”-ийн шагналаа гардсан юм.


Харин хамтран тоглогч Леонардо Ди Каприо гар хоосон буцсан юм. Кейт-Леогийн хоёр дахь хослол амжилттай болсон ч энэ удаад Уинслетд аз таарчээ. Леонардо Ди Каприо “Benjamin Button”-ы Брэд Питт, “Frost/ Nixon”-ы Фрэнк Ланжелла, “Milk”-ийн Шон Пэнн нарын хамтаар “Драмын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналаа Мики Рурк алджээ.


Кино зохиолчид ажил хаяснаас болж өнгөрсөн жилийн наадам ёслол төгөлдөр болоогүй, хэвлэлийн хурал дээр шагналуудыг нь гардуулан өгсөн. Харин энэ жил Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоо урьдын адил зохион байгуулалт сайтай хийсэн юм. Мөн энэ удаагын шагналыг шинэчлэн илүү бат бөх, найдвартай хийснээ зарлаж байсан юм.


Улаан хивснээ заларсан одод сэтгэл татам инээмсэглэл, ер бусын ихэмсэг байдал, алхаа гишгээ, харцаараа хурсан олон, хэвлэл мэдээллийнхний өмнө гялалзах. Загвар үзүүлэх парад гэлтэй энэхүү хэдхэн хормыг харах сан гэж сая сая кино хорхойтнууд бүтэн жил хүлээдэг сэн.


Холбооны 90 гишүүн уран бүтээл, бүтээлчдэд чиглэсэн 30 орчим шагналыг энэ үдэш гардуулсан юм. Шагнал гардуулах ёслол болохоос өмнө дэлхийн хэвлэл мэдээллийнхний таамаглал биеллээ олсон нь талийгаач Хит Леджор “Шилдэг эрэгтэй туслах жүжигчин” номинацийн ялагч болсон явдал байлаа.
Бэтмэний тухай өгүүлдэг “The Dark Knight” кинонд хөзөр тоглогчийн дүрийг гайхалтай бүтээсэн, Хитийн 16 карьерын хамгийн шилдэг бүтээл хэмээн бичиж байсан юм. Түүний шагналыг уг киноны найруулагч Кристофер Нолан гардан авсан юм. Нолан “Талийгаач мөнхөд дурсагдаж, хэзээ ч мартагдахгүй” гээд “Энэ кинонд Хиттэй ажилласан нь гайхалтай сайн болсон. Маш их уй гуниг, гайхалтай бахархлыг авчирсан” гэж хэлжээ.
Их Британийн жүжигчид энэ жил их өнгөтэй байгааг батлах мэт Салли Хоукинс “Инээдмийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин”-ээр тодорсон бол Данни Бойл “Шилдэг кино найруулагч” болсон юм.
Бас Ирландын кино од Колин Фаррелл ч гар хоосон буцсангүй. Тэрбээр “Хөгжмийн болоод инээдмийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” болжээ.
Ихэмсэг “Алтан Бөмбөрцөг” наадмаас хамгийн олон шагналыг “Slumdog Millionaire” кино хүртлээ. Телевизийн шоунд оролцож, мөнгө, хайрынхаа төлөө өрсөлдөж буй нэгэн энэтхэг залуугийн тухай өгүүлэх энэхүү кино эзэддээ “Шилдэг драмын кино”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг найруулагч”,”Шилдэг хөгжмийн зохиол” гэсэн нэр хүндтэй дөрвөн шагналыг авчирчээ.
Харин Кейт Уинслет Хэдхэн хоногийн дараа болох дэлхийн кино урлагийн дээд шагнал “Оскар”-аас дахин хоёр шагнал хүртэх хамгийн их магадлалтай жүжигчин болсон нь дамжиггүй ээ.

Бусад шагналтнууд

Шилдэг анимейтд кино- “WALL-E”
Шилдэг инээдмийн кино болоод мюзикл- ”Vicky Cristina Barcelona”
Шилдэг гадаад хэл дээрх кино- Израилийн “Waltz with Bashir” (Vals im Bashir)
Шилдэг киноны дуу-”The Wrestler” киноны дуу

Телевизийн төрөлд

Шилдэг эрэгтэй жүжигчин- Драмын цуврал- Габриэль Бирн /In Treatment/
Шилдэг эрэгтэй жүжигчин- Инээдмийн болоод мюзикл цуврал- Алек Болдуин /30 Rock/
Шилдэг эрэгтэй жүжигчин- Телевизийн кино- Пол Жиаматти /John Adams/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Драмын цуврал- Анна Пакин /True Blood/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Инээдмийн болон мюзикл цуврал- Тина Фей /30 Rock/
Шилдэг эмэгтэй жүжигчин- Телевизийн кино- Лора Линней /John Adams/
Шилдэг цуврал- Драм- Mad Men
Шилдэг цуврал- Инээдмийн болоод мюзикл кино- 30 Rock
Шилдэг цуврал- Телевизийн кино- John Adams
Шиддаг эрэгтэй туслах дүрийн жүжигчин- Том Уилкинсон /John Adams/
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин- Лора Дерн /Recount/

Эх сурвалж: Сонин.мн, Өнөөдрийн Монгол сонин

Мөн та бүхэн илүү ихийг мэдэхийг хүсвэл албан ёсны сайт www.goldenglobes.org орж сонирхож болох юм. Бас ялагчидын тухай мэдээлэл болон бичлэгүүдийг энд дарж орон сонирхоно уу.

Сэтгэгдэлүүд:

1. sarulka | 2009-01-15 21:57:23
zurag nn baiwal bur goyo yum.
2. Helloo | 2009-01-16 13:07:18
зургуудыг сонирхохыг хүсч байгаа бол http://www.caak.mn/modules.php?name=News&file=article&sid=6749 мөн албан ёсны сайтруу нь орж PHOTO GALLERY хэмээх булангаар орж үзэж болно. Албан ёсны сайтнаас http://www.goldenglobes.org/gallery/ энд байна. Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.