2008 оны Дэлхийн Мисс шалгаруулах 58 дахь удаагын наадам Өмнөд Африкийн Иохансбург хотод зохиогдож байгаа юм байна. Энэхүү дэлхий өнцөг булан бүрээс хамгийн үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүйчүүд оролцдог наадамд Монгол Улсыг төлөөлж Чинбатын Анун хэмээх бүсгүй оролцож байна.
Чинбат овогтой Анун. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн 23 настай мисс Ч. Анун 2003-2005 онд Япон улсын Олон улсын Бизнесийн коллежийг дүүргэж, 2005 оноос Токио хотноо Риоккугийн Их сургуульд аялал жуулчлалын менежментээр амжилттай суралцаж байгаа аж. Япон, англи хэлийг чадварлаг эзэмшсэн мисс бүсгүй маань Монгол Улсынхаа аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэлтэй бөгөөд 2006 онд болж өнгөрсөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХБНГУ болон БНСУ-д болсон үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлах үйл ажиллагаанд оролцож байсан авьяаслаг нэгэн гэнэ.
1951 оноос эхлэн Дэлхийн Улс гүрнүүдийн энх тайван, гоо сайхны нэгдмэл зорилгын илэрхийлэл болон зохион байгуулагдаж эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн нь энэ жил 58 дахь удаагийнхаа ялагчийг тодруулах юм. Укрианы Киев хотноо 2008 оны есдүгээр сарын 05-наас аравдугаар сарын 04-ний хооронд зохион байгуулах талаар өнгөрсөн жил “Дэлхийн Мисс”-ийн зохион байгуулагчид Укрианы Аялал жуулчлалын яамнаас хамтран мэдэгдэж байсан. Гэвч энэ оны наймдугаар сарын эхээр зүүн Европт, тэр дундаа Гүрж, Оросын хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан “Miss World” тэмцээнийг эрсдэлтэй бүс нутагт үргэлжлүүлэх талаар зохион байгуулагчдын зүгээс эрс татгалзжээ. Тиймээс тус тэмцээнийг 12 сарын 13-ны өдөр Өмнөд Африкийн нийслэл үзэсгэлэнт хот Иоханесбургт зохион байгуулахаар товлосон байна. “Дэлхийн мисс” тэмцээнд өмнө нь “Miss Mongolia-2005″ тэмцээний “Үндэсний ялагч” Г.Хонгорзул, “Miss World- 2006″ тэмцээний “Үндэсний ялагч” Э.Сэлэнгэ, “Miss Mongolia-2006″ тэмцээний тэргүүн мисс Г.Оюунгэрэл оролцож байсан юм. Тэднээс Э.Сэлэнгэ “Авьяаслаг мисс”, Г.Оюунгэрэл “Азийн хатан хаан” өргөмжлөл хүртэж байсан байна.
Ингээд та бүхэн Монгол Улсаа төлөөлөн оролцож буй энэхүү бүсгүйгээ дэмжихийг хүсвэл www.missworld.com хэмээх сайтруу орж түүний фото зураг болон видео танилцуулгатай нь танилцаж улмаар сайтанд нь бүртгүүлсэнээр та саналаа хүртэл өгөх бүрэн боломжтой юм байна.
Яаж өөрийн улсынхаа гоо бүсгүйг хэрхэн олох вэ гэвэл сайтруу ороход Contestants гэсэн холбоос байгаа бөгөөд тэрхүү холбоос дээр даран орж өөрийн улсаа хайлтанд хийснээр Дэлхий Мисс - 2008 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцогч Ч. Ануны тухай танилцуулга гарч ирэх болно. Улсынхаа миссийг дэмжиж буйгаа илэрхийлсэн маш олон залуучуудын бичсэн сэтгэгдэл ч байна лээ шүү.
Тэмцээн эхлэхэд 1хэн хоног үлдээд байгааг анхаарна уу.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: